Зөвхөн хүсэх нь хангалтгүй, хүслээ зорилго болгон өөрийгөө дайчлан хичээвэл амжилтад хүрэх хаалга хэн бүхэнд нээлттэй байдаг. Орчин үеийн залуус ажил амьдрал, хүсэл сонирхол, хоббигоо нэгэн зэрэг хөгжүүлэн өөрчлөлтийг өртөөлж чаддагийн тодхон жишээ болсон, Мастер группийн залуу маркетер С.Энхболортой ярилцлаа.

Түүний ярилцлага олон залууст шинэ зорилго, хүсэл тэмүүлэл, эерэг нөлөөл, урам зориг түгээнэ гэдэгт итгэлтэй байна.

-Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач.

Намайг Сэнгэрагчаагийн Энхболор гэдэг. Би Мастер группийн Маркетинг борлуулалтын албанд Маркетингийн менежерээр ажиллаад 1 жил болж байна.

8ugzms_Master_manager-6_SNG_9512_1_x974

-Ямар мэргэжилтэй вэ? Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

Би санхүү менежментээр ШУТИС-н Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийг төгссөн. Тухайн үед мэргэжлээ сонгохдоо өөрийн хүсэл гэхээсээ илүү гэр бүлийнхээ зөвлөгөөгөөр сонгож байсан.

-Санхүүгээр төгссөн мөртлөө маркетингийн салбар луу орох болсон шалтгаан нь юу вэ?

Их сургуулиа төгсөхөөсөө өмнө Голомт банк руу ажлын анкетаа явуулж дипломоо аваагүй байхдаа л мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа сахилга бат, хариуцлага, хувийн зохион байгуулалт, хүнтэй харилцах гэх мэт олон талын чадварт суралцаж хүчирхэг баг хамт олны нэг хэсэг болж 3 жил ажилласан. Гэсэн хэдий ч миний дотор байсан багаас минь хүсдэг хүсэл намайг мэргэжлээ бүр мөсөн солиход хүргэсэн. Түүний хамгийн том нөлөөлөл нь The Voice of Mongolia шоу байсан.

Урлагийн салбараар дагнаад явахад бэлэн биш байсан учраас энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулах, креатив контент бүтээх, сошиал суваг хөгжүүлэлт гэх мэт хөрвөх чадвар сайтай өөрийгөө олон талаар нээх, хөгжүүлэх боломжтой учраас маркетингийг сонгосон.

9lj355_Master_manager-6_image00001_6__x974

-The Voice of Mongolia шоунд орж байсан тухайгаа яривал?

The Voice of Mongolia бол дэлхийн хэмжээний шоу контент. Дуулах хүсэл сонирхолтой хүн болгоны орохыг, тэр тайзан дээр алхахыг хүсдэг шоу юм. Анх монголд зохион байгуулагдахад нь үнэхээр их баярлаж байсан ч орж чадаагүй. Харин 2-р Season бүртгэл эхэллээ гэхэд нь шууд бүртгүүлж байсан.

-Тус шоунд орсноор чиний хувийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

Надад өгсөн хамгийн том зүйл нь дуу хөгжим гэсэн ижил сонирхолтой хүмүүсийн хүрээлэл, танилууд, найзуудтай болсон явдал. Battle шатнаас хасагдаад би огт харамсаж байгаагүй, харин ч Отгонбаяр ахдаа маш их баярлаж явдаг.

The Voice of Mongolia бол миний үзэл бодол, амьдралын хэв маягт turning point буюу эргэлтийн цэг болсон ба шоуны дараа мэргэжлээ солих шийдвэрийг гаргасан.

g84ags_Master_manager-6_SNG_9551_x974

-Маркетингийн анхны ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

Анх “Spot agency”-д маркетераар ажилд орсон. Миний сонирхол, хүсэл тэмүүлэлд итгэж ажилд авсан нь надад хичээж ажиллах урам зоригийг өгсөн. Маркетинг гэдэг бол харагдаж байгаа шигээ дан ганц контент гүйцэтгэл, сурталчилгаа байдаггүй. Үндэс сууриас нь бодлого төлөвлөлттэйгөөр эхэлдэг гэдгийг ойлгоод маш их суралцах хэрэгтэй болсон. Spot agency-д ажиллаж байхдаа Samsung, APU, Шунхлай, Грийн групп зэрэг олон том компаниудын маркетингийн багтай хамтран ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан.

Дараа нь Мастер группээс ажлын санал ирсэн ба маркетинг бодлого төлөвлөлтийг цогцоор нь суралцах дараагийн түвшинд ахих боломж гэж хараад ажиллахаар шийдсэн.

-ҮХХ-ийн салбарт эмэгтэй хүн ажиллах ямар байдаг вэ?

Би өөрийгөө ҮХХ-ийн салбарт ажиллана гэж хэзээ ч бодож байгаагүй, эрчүүдийн салбар гэж боддог байлаа. Гэтэл бодит байдал дээр дийлэнх нь эмэгтэйчүүд ажилладаг. Ер нь орчин үеийн эмэгтэйчүүд ажлын талбар дээр хамгийн тууштай, хариуцлагатай, илүү мэдрэмжтэй, манлайлал өндөртэй, хүчирхэг байгаа харагддаг.

hroqdn_Master_manager-6_SNG_9673_x974

-Мастер Группийн хамгийн том давуу тал нь юу вэ?

Манай хамт олны харилцаа хандлага гэж бодож байна. Бүгд бие биедээ хүндэтгэлтэй, нээлттэй, уриалагхан харилцаатай байдаг. Хүн мэдэхгүй чадахгүй байж болно, гэхдээ нэг нь чадахгүй ч нөгөө нь чаддаг учраас давуу талаараа нэгдэж ажиллах нь бидний гол давуу тал болдог. Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Бас нэг том соёл нь нийтээрээ ажил хэрэгч, ажилдаа эзэн болсон, хариуцлагатай байдлаараа ялгардаг.

Мөн байгууллагын соёлын гол бүрдүүлэгчийг нь би гүйцэтгэх захирал гэж хэлнэ. Манай захирал шинэ зүйлд соргог хандаж, залуусын оролцоог дэмжин бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг, инновацыг тусгаж авахыг хичээдэг учраас компанид яг тийм соёл тогтсон гэж боддог.

-Цаашдын карьераа хэрхэн төлөвлөж байгаа вэ?

Мастер группийн ойрын жилүүдийн зорилго, шинээр хийхээр төлөвлөсөн бизнесийн төслүүд надад их таалагдаж байгаа. Мэдээж бүх бизнесүүдэд маркетингийн оролцоо өндөр учраас өөрийнхөө давуу талаар, өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Маркетинг бол судалгаа, концепц, төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн гэсэн 5 том бүтэцтэй. Энэ дотроосоо гүйцэтгэл буюу креатив контент, компанит ажлууд, сурталчилгааны хэсэг дээр түлхүү ажиллана гэж бодож байгаа. Маш их хөгжсөн, суралцсан, мэдлэгээ бататгасан амжилттай ирээдүйг төсөөлж байна.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Миний амьдралын салшгүй нэг хэсэг бол дуу хөгжим. Шинэ дуу гаргаж өөрийн гэсэн уран бүтээлтэй болохоор зорьж байгаа учраас чөлөөт цагийг дуулалтаа сайжруулах болон шинэ уран бүтээлдээ зориулж байгаа.

ruhipz_Master_manager-6_image00001_x974

Мөн завгүй амьдралын хэв маягт дасгал хөдөлгөөн маш чухал учраас ширээний теннисээр хичээллэдэг. Ширээний теннис нь хөнгөн, цэвэрхэн хэрнээ биеийн бүх булчинг ажиллуулахаас гадна стресс тайлах, шантрахгүй өөрийгөө улам бүр ахиулах хүсэл эрмэлзэл, эрч хүч өгдөг.

-Үндсэн ажлын хажуугаар уран бүтээл хийж байгаа юм байна, ажилтай нь хэр зөрчилдөж байна вэ?

Маркетингийн ажлыг би өөрөө хүсэж үндсэн мэргэжлээ орхин байж сонгосон. Харин дуу хөгжим надад аз жаргал өгдөг. Миний энэ 2 сонирхол ажлын талбар дээр маш сайн нэгддэг. Яагаад гэхээр маркетинг өөрөө шоу, энтертайнмент, эвэнт арга хэмжээ, компанит ажил зэрэг олон нийтийг хамарсан сурталчилгаанууд хийгддэг учраас миний хувьд харин ч давуу тал болдог.

n4ijax_Master_manager-6_SNG_9796_x974

Ярилцсанд баярлалаа.
Ажилд нь амжилт хүсье!